Д.Жавхланбаяр1, Б.Энхжаргал2,  Jussi Kauhanen1

1 Нийгмийн эрүүл мэнд ба эмнэлзүйн шим тэжээл судлалын хүрээлэн, Эрүүл мэндийн шинжлэх ухааны факультет, Дорнод Финляндын Их сургууль, Куопио, Финлянд

2 Нийгмийн шинжлэх ухааны тэнхим,  Нийгмийн шинжлэх ухаан ба бизнес судлалын факультет Дорнод Финляндын Их сургууль, Куопио, Финлянд

The Lancet Regional Health – Western Pacific сэтгүүлийн 2021 оны 9 дугаарт хэвлэгдсэн тайлбар нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Азийн орнуудад 2020 оны эхээр Ковид-19 халдвар тархсан бөгөөд Монгол Улс энэ үед шуурхай хариу арга хэмжээ авч чадсан. 2020 оны 3-р сарын 10-нд Ковид-19 өвчний гадны орноос зөөвөрлөгдсөн анхны тохиолдол Монголд батлагдсан бөгөөд 2020 оны 11-р сарын 10 хүртэл дотоодын халдвар бүртгэгдээгүй байв. 2021 оны 2-р сарын 9-ний байдлаар Монгол Улсад Ковид-19 өвчний батлагдсан нийт 2120 тохиолдол байсан бөгөөд үүний дийлэнх нь (60.57%) Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Монгол улсын Засгийн газар үндэсний баяр “Цагаан сар”-ын үеэр хүн амын хөдөлгөөнийг хязгаарлах, Ковид-19 өвчний тархалтыг бууруулах зорилгоор 2021 оны 2-р сарын 11-ээс 23-ны хооронд Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосон. Уг хөл хорионы үеэр Улаанбаатар хотын 420,000 өрхөөс “Нэг хаалга-нэг шинжилгээ”  үйл ажиллагааг явуулж гэр бүлийн нэг гишүүнийг (18-аас дээш насны) Ковид-19 өвчний ПГУ-ын шинжилгээнд хамруулах нийтийн шинжилгээний ажлыг зохион байгуулсан. Энэ арга хэмжээ нь Ковид-19 өвчний тархалтыг 3.4 дахин бууруулж, улмаар Улаанбаатар хотын эдийн засгийг сэргээнэ гэж найдаж байв.

Гэвч “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулах шийдвэр нь нотолгоонд тулгуурлаагүйгээс бодлогын хувьд оновчтой хариу арга хэмжээ биш байсан ба түүгээр ч үл барам урьдчилан тооцоогүй сөрөг үр дүн гарсан гэж бид үзэж байна.

Нэгдүгээрт, масс шинжилгээгээр яг тухайн шинжилгээ хийх үеийн Ковид-19 өвчний халдварын байдлыг гаргадаг  тул аюулгүй байдлын хуурамч мэдрэмж төрүүлж болно. 2021 оны 2-р сарын 9-ний өдрийн байдлаар Улаанбаатарт (хөл хорионы өмнөхөн) Ковид-19 өвчний батлагдсан шинэ тохиолдлын тоо өдөрт 41, нас баралтгүй байсан (7 хоногийн дунджаар). Халдварын эх үүсвэрийн дийлэнх нь тандалтаар илрэх боломжтой байсан бөгөөд бүх өвчтөнүүдийг хүндийн зэрэглэлээс үл хамааран эмнэлэгт эмчилж байсан. 2021 оны 2-р сарын 24-ний байдлаар “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагаанд 18.4 тэрбум төгрөг (ойролцоогоор 6.46 сая доллар) төсөвлөсөн байв. Эрүүл мэндийн яамнаас “Энэ шинжилгээгээр нийт 131 тохиолдол илрүүлсэн ба түүний 59 шинэ тохиолдол, 72 нь тохиолдлын ойрын хавьтал байжээ” гэж мэдээлсэн. Энэ нь “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээ үр ашиггүй байсныг тод харуулахын зэрэгцээ уг үйл ажиллагааны дараа Ковид-19 өвчний шинэ тохиолдлууд шууд нэмэгдэж эхэлсэн (Зураг 1).

Хоёрдугаарт, Хятад, Словак улсад явуулсан олон нийтийн шинжилгээтэй харьцуулахад “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг Монгол Улсад харьцангуй бага нөөцөөр, тохиромжгүй байдлаар явуулсан гэж үзэж байна. Жишээлбэл, өрхийн хэмжээ, бүтцийг харгалзахгүйгээр зөвхөн шинжилгээнд хамрагдсан хувь хүн тухайн өрхийн гишүүдийн халдварын байдлыг төлөөлж чадахгүй. Шинжилгээнд хамруулах шалгуурыг илүү нягт нямбай тодорхойлох ёстой байсан. Саяхны нэгэн судалгаагаар Ковид-19 өвчний үед гэр бүлийн гишүүдийн дундах халдварлалт олон улсад 4.6%-49.5% хооронд хэлбэлздэг болохыг тогтоожээ. Цаашилбал, хоёрдогчоор халдвар дамжих эрсдэл хосууд, ахмад насны хүмүүст өрхийн бусад гишүүдээс илүүтэй байдаг. Нэг хаалга-нэг шинжилгээний үеэр Ковид 19 өвчинд бага өртөмтгий гэгддэг залуу насны эсвэл өрхийн эрэгтэй гишүүд шинжилгээнд хамрагдах хандлагатай байсан. Энэ нь сонголтын алдаа гаргаж улмаар халдвартай хүмүүсийг шинжилгээгээр илрүүлээгүйгээс Ковид 19 өвчний тархалтын буруу тооцоолол хийхэд хүргэсэн байна. Тиймээс “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний үр дүнгээс бодлого боловсруулахад нотолгоо болохуйц хангалттай мэдээлэл бий болоогүй байх магадлалтай бөгөөд энд ёс зүйн асуудал ч хөндөгдөх юм.

Гуравдугаарт, эрүүл мэндийн үйлчилгээний давхардал, үр ашиггүй байдал, эрүүл мэндийн тэгш бус байдал, нөөцийн зохисгүй хуваарилалт зэрэг нь Монголын эрүүл мэндийн тогтолцоонд тулгарч буй бэрхшээлүүд бөгөөд энэ нь Ковид-19 хямралын үеэр болон түүний дараа улам хурцдах болно. Монгол улс нийтийн шинжилгээ явуулсан нь нөөцийг үр ашиггүй зарцуулах шийдвэр байсан тул хомсдсон баялгийг үрэлгэн зарцуулах ёсгүйг харуулж байна. Нөөц, хүчин чармайлт, цаг хугацааг бусад шаардлагатай үйл ажиллагаанд, ялангуяа вакцинжуулалтын хөтөлбөрт зарцуулах хэрэгтэй. Монгол шиг хөгжиж буй орнуудын хувьд тэргүүлэх чиглэлээ тодорхойлох, үр дүнтэй стратеги сонгох нь эрүүл мэндийн системийн тогтвортой байдал төдийгүй улс орны эдийн засаг, тогтвортой байдалд урт хугацааны нөлөө үзүүлнэ.

Зураг 1. Ковид-19 өвчний батлагдсан шинэ тохиолдол, Монгол улс, Улаанбаатар.

ЭМЯ-ны мэдээлэл

Дөрөвдүгээрт, эдгээр шинжилгээний урьдчилсан таамаглалууд нь бодит байдалд нийцэхгүй төдийгүй шинжилгээний үр дүн, хавьтлын тандалтыг удаашруулах, цаашдын үр дүнтэй арга хэмжээнд саад болох,  нөөцийн хомсдол бий болгох ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй гэж бид үзэж байна. “Нэг хаалга-нэг шинжилгээ”-тэй холбоотой ажлын ачаалал нь эрүүл мэндийн ажилтнуудыг туйлдуулах, Ковид-19 өвчний халдвар авах эрсдлийг нэмэгдүүлсэн байж болзошгүй гэж бид үзэж байна.

Тиймээс Монголын засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг цаашдын хариу арга хэмжээ авахаасаа өмнө “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагаанд дахин үнэлгээ хийж дүгнэхийг зөвлөж байна. Уг үйл ажиллагааны зардлын үр ашигт дүн шинжилгээ хийх шаардлагатай. Энэхүү цартахал, түүний үр дагавар нь өвдөг-шороодсон улс төрийн хариу арга хэмжээ авахаас илүүтэй урт хугацааны, нарийн төвөгтэй сорилтуудыг бий болгож байна. Ил тод байдал, хариуцлага, нийгмийн эрүүл мэндийн мэдлэг нь нотолгоонд суурилсан эрүүл мэнд, нийгмийн бодлогыг Монголын ард түмэнд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Эх сурвалж: https://www.thelancet.com/action/showPdf?pii=S2666-6065%2821%2900058-4

Орчуулсан: Мэдрэл судлалын секторын ЭША М.Мандахнар

Хянасан: Мэдрэл судлалын секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Чимэглхам