Орчин үед бид өдөр бүр тоон анагаах ухааны шинэ ололт бүтээлийн талаар сонсож байна. Хиймэл оюун ухаанд суурилсан шинэ системүүд, анагаахын зөөврийн “ухаалаг” жижиг төхөөрөмжүүд, мэдээллийн солилцооны технологи, мөн түүнчлэн шинэ шинэ программууд бий болсоор байна.

Эрүүл мэндийн шинжлэх ухаан нь эмч, эрүүлийг хамгаалахын тогтолцоо, үйлчилгээний чанараас хамаардаг өвчтөний урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний асуудлыг нэгтгэн дүгнэж шийдвэр гаргах зорилготой. Эрүүл мэндийн салбарын тогтолцоо нь олон талтай, эмч нарын ажлын ачаалал их байдаг. Иймээс эмч нарын ажлыг хөнгөвчлөхөд зориулагдсан инноваци, шинэ технологи нь маш сайн шалгасан, аюулгүй, үр ашиг өндөр байхыг шаарддаг юм. Эрүүл мэндийн салбарт тоон технологи нэвтрүүлэхийн тулд энэ шинэ шийдэл нь үр дүнг бодитоор сайжруулж байгааг харуулсан том хэмжээний судалгаанаас гарах нотолгоог шаардах нь ойлгомжтой.

Эмнэлзүйн бодит шийдвэр гарагахад чиглэсэн шинэ тоон системийг хэрэглэх шаардлага нь ихэнх эмч нарын ажлын их ачаалалтай холбоотойгоор урган гардаг. Жишээ нь эмнэлгийн анхан шатны ба дараачийн шатны эмнэлгийн эмч нарын хамтын ажиллагааг онлайн зөвлөлгөөн хийж эмч шийдвэр гаргахад чиглэсэн системийн том шаардлага бий. Ийм системүүд томоохон эмнэлгүүдэд аажим аажмаар нэвтэрч байна, гэхдээ өдөр тутмын үйл ажиллагаа болох болоогүй байна.

Өөр нэг чиглэл нь өвчнийг оношлох, амин үзүүлэлтүүдийг хянахад чиглэсэн олон янзын аппарат бий болгох явдал юм. Энэ чиглэл эрчимтэй хөгжиж байгаа боловч тухайн улсын эрүүл мэндийн удирдлага тогтолцооны зохион байгуулалтын өмнө хана мөргөдөг. Шалтгаан нь энгийн. Иймэрхүү систем нь одоохондоо эрүүл мэндийн тогтолцоо боловсруулж чадахгүй байгаа маш их хэмжээний ашигтай мэдээллийг үүсгэдэг. Энэ том мэддээллийн урсгалд боловсруулалт, дүн шинжилгээ хийж эмчид хэрэгтэй мэдээллийг өгч чадах систем хангалтгүй байна.

Зүрх судлалын шинжлэх ухаан нь эмчилгээ, технологийн талд тэргүүн шугамд явж байгаа боловч эмнэлгийн тусламж үзүүлэхэд тоон багаж төхөөрөмж хэрэглэх тал дээр хоцрогдсоор байна. Хэдий тийм ч зүрх судлалд зүрхний өвчнөөр өвчилсөн хүмүүсийн амьдралыг хэвийн хэмжээнд байлгах, эмчлэхэд зориулагдсан, зүрх судасны өвчний эрсдлийн хүчин зүйлийг хүн өөрөө удирдах тоон системийн багажууд маш их шаардлагатай байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулсаар байна. Бид энэ удаагийн тоймд зүрх судасны мэргэжлийн эмч нар, зүрх судасны өвчтэй хүмүүст хэрэглэх 10 багаж, төхөөрөмж, системийг танилцуулахыг зорилоо. Эдгээрийн зарим нь зах зээлд нэвтэрсэн бол зарим нь сорилт, баталгаажуулалтын шатанд явж байна.

Цусны даралтыг тасралтгүй хянах систем

Австралийн Монашийн их сургуулийн эрдэмтэд 24 цагийн турш тасралтгүй артерийн даралтыг хэмждэг утасгүй зөөврийн жижиг багаж бүтээсэн байна. Артерийн даралтыг тасралтгүй хэмжихийн тулд судлаачид хүний өвчүүнд байрлуулсан, тасралтгүй ялгарах цацрагийн радар мэдрэгч болон зүүн чихний дэлбээнд бэхэлсэн фотоплетизмографийн хүлээн авагчийг хэрэглэжээ. Судлаачид радарын тусламжаар хөдөлгөөнтэй буюу өвчтөн хэвтэх, суух, хийх үеийн артерийн даралтыг үнэлэхийн тулд пульс цохилтын үргэлжлэх хугацааг тооцоолдог ба эдгээр сорил нь тайван үед хэмжихэд 93%, биеийн дасгал хийх үед хэмжихэд 83% үнэн зөв гарч байгааг судалжээ.

Энэ технологи нь тухайн мөчид байх тоон өгөгдлийг зааж, эмч бүтэн хоногийн турш өвчтний артерийн даралтын өөрчлөлтийг хянах боломжийг олгодог байна.

Суултуурт угсарсан идэвхгүй кардиомонитор

Heart Health Intelligence компаний зохион бүтээсэн The Heart Seat гэж нэрлэсэн суултуур нь зүрхний цохилтын давтамж, артерийн даралт, цусан дахь хүчилтөрөгчийн хангамж, өвчтний жин, агшилтын эзэлхүүн (зүрхний агшилт бүрт шахах цусны эзэлхүүний хэмжээг) заах монитороор тоноглогдсон. Энэ төхөөрөмжийг дурын стандарт суултуурт суулгаж болох бөгөөд шаардлагатай өгөгдлийг цуглуулсны дараа үүлэн системд холбогдож эмнэлгийн байгууллага, эмч нар нь өвчтний эрүүл мэндийн байдлыг зайнаас хянах боломжтой болдог.

Компани нь энэ төхөөрөмжийг эмнэлгүүдэд зориулж бүтээсэн бөгөөд эмнэлэг нь энэ бүтээгдхүүнийг худалдан авч өвчтөн дахин эмнэлэгт хэвтэх тоог бууруулах зорилгоор зүрний дутагдалтай өвчтнүүдэд өгнө гэж тооцоолсон байна. Хэдийгээр цар тахал энэ үйл явдлыг удаашруулж байгаа ч эмнэлгийн нөхцөлд туршсаны дараа ойрын хугацаанд Heart Health Intelligence багажийг баталгаажуулж зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Зүүдэг дефибриллятор

Element Science компани нь Jewel Patch Wearable Cardioverter Defibrillator буюу амь насанд аюултай хэм алдагдлыг илрүүлэх, эмчлэхэд зориулсан зөөврийн дефибрилляторыг зохион бүтээсэн байна. Энэ нь хэрэглэхэд хялбар, гаднаас харахад хүн анзаарамгүй байхаар хийсэн электрон машины алгоритмд үндэслэсэн программыг ашигладаг, биедээ зүүдэг төхөөрөмж юм. Бодит хэрэглэгч нь зүрхний дутагдал болон бусад зүрхний өвчнөөр эмчлэгдээд эмнэлгээс саяхан гарсан гэнэтийн зүрхний үхэлд хүрэх өндөр эрсдэлтэй өвчтөнүүд юм.

Jewel дефибриллатор нь оношилгоо ба эмчилгээний бүх боломжийг хадгалж, зүүхэд тохитой, өндөр үр ашгтай байдлыг хангасан байхаар бүтээгдсэн. Саяхан энэ компани нь уг багажийн эмнэлзүйн туршилт, баталгаажуулалт, зах зээлийн олноор үйлдвэрлэлд чиглэсэн нэмэлт хөрөнгө оруулалт авсан байна.

Гэрийн нөхцөлд хэрэглэх эмнэлзүйн зорилготой зүрхний цахилгаан бичлэгийн систем

QT Medical компани саяхан өвчтөн өөрөө иж бүрэн зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээг хийж болох 12 электродтой PCA 500 системийг танилцуулсан байна. Энэ багаж нь яг эмнэлэгт хэрэглэдэг төхөөрөмжтөй ижил журмаар ажилладаг тул зүрхний эмч нар хэрэглэх боломжтой юм. Өвчтөн гэртээ өөрөө бичлэгээ хийгээд өгөгдөл нь автоматаар эмч рүү дамждаг байна. PCA 500 аппаратаар ЗЦБ хийхэд ердөөсөө 3 минут зарцуулагддаг.  Ердийн зүрхний цахилгаан бичлэгийн төхөөрөмжтэй харьцуулахад PCA 500 систем нь бичлэг хийх хугацааг 70% хүртэл хэмнэдэг байна. PCA 500 нь эмнэлгийн стандартад нийцсэн багаж юм. Энэ систем нь электродыг байрлуулах аргаас гадна, системд хэрэглэх электрон датчик, материалууд нь удирдамжид тохирсон байна.

Орчин үед хэрэглэгчид үүлэн тооцоололд суурилсан компьютерийн алгоритмаар зүрхний цахилгаан бичлэгийг урьдчилан унших боломжтой болж байна. Бичлэгийн үр дүнг шууд үүлэн (cloud) систем рүү илгээж алгоритм нь ирсэн сигналыг боловсруулаад шуугианыг шүүж дүгнэлт өгдөг байна. Энэ алгоритм нь хэм алдагдлыг илрүүлж, булчингийн гипертрофи болон ST хэрчмийн өргөлт мэтийн бүтцийн өөрчлөлтийг хэмжин илрүүлэх чадамжтай байна.

Зүрхний цахилгаан бичлэг хийх хөхний даруулга

Bloomer гэдэг компанийн инженер зохион бүтээгчид зүрхний цахилгаан бичлэгийн датчик, электрон алгоритмын системд суурилуулсан зүүдэг шинэ “төхөөрөмж” – хөхний даруулгыг зохион бүтээсэн. Энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг урт хугацааны турш хянах боломжтой технологи юм. Зүрхний цахилгаан бичлэгт нэмэлтээр судасны лугшилт, амьсгалын тоо, зүрхний хэмийг хэмждэг. Үүний хажуугаар уг хөхний даруулгыг угааж хэрэглэж болдог байна. Багажийг утасгүйгээр гар утас, ширээний ба зөөврийн компьютерт холбон зүрх судасны тогтолцооны эрүүл мэндийг хянаж болдог байна.

Венийн тромбоэмболоос сэргийлэх булчингийн стимулятор

Английн Sky Medical Technology компани нь 2020 онд Geko хэмээх төхөөрөмж бүтээж FDA (U.S. Food and Drug Administration)-аас зөвшөөрөл авсан. Энэ төхөөрөмж нь шилбэний булчинг идэвхжүүлж, цусны эргэлтийг сайжруулан, венийн тромэмболоос сэргийлэхэд зориулагдсан. Энэ нь батарейнээс тэжээл авдаг хэрэглэхэд хялбар, инвазив бус нэг удаагийн эмчилгээний багаж. Үүнийг өвдөгний доор зүүж, тахилзуурын ерөнхий мэдрэлд сэрэл өгч, шилбэ тавхайн булчинг идэвхжүүлснээр шилбэний гүн вений цусны урсгалыг сайжруулдаг. Geko багаж нь хөлөнд гаднаас даралт өгөхгүй ажиллаж, хөдөлгөөнд саад учруулдаггүй.

Урд нь энэ багажийг зөвхөн хагалгааны дараа шууд хэрэглэхийг зөвшөөрч байсан бол одоо венийн тромбэмбол үүсэх эрсдэлтэй бүх өвчтөн энэ булчин идэвжүүлэгчийг хэрэглэхийг эмч нар зөвлөж байна.

Тоон чагнуур

Eko Devices компани өнгөрсөн оны сүүлээр тоон системийн Core чагнуурын шинэ загварыг гаргалаа. Үүнийг  дангаар нь эсвэл тоон чагнуур эсвэл ихэнх чагнуурт суулгаж хэрэглэж болно. Eko чагнуур нь дуу авиаг хүчтэй болгох, боловсруулах өргөн боломжийг олгодог.

Core-ийн шинэ загвар нь авиаг 40 дахин хүчтэй сонсгож, шуугианы даралт илүү сайжран, акустик ба тоон системийн дэглэмд шилжих боломжтой болж, Bluetooth-д утасгүй холбогдох боломжтой болсон. Чагнуурын дотор байдаг аккумулятор нь 10 цаг хүртэл ажилладаг нь эмчийн долоо хоногийн ажлыг хөнгөвчлөх боломжтой болсноороо давуу талтай. Хавсран хийсэн төхөөрөмж нь амин эрхтний мэдээллийн бичлэгийг хадгалж, бусад хэрэглэгчидтэй мэдээллээ солилцох боломжийг олгоно. Авиаг боловсруулан, цаасан дээр бичиж өвчтөний электрон карт руу оруулж болно. Энэ хавсарсан төхөөрөмж нь долгионы хэлбэр ба ФКГ-ийг судлах боломжийг өгнө. Үүнээс гадна өгөгдлийг яг тухайн цаг мөчид авиа хэлбэрээр телемедицин системээр дамжуулснаар алсын зайд байгаа, эсвэл гэртээ байгаа өвчтөний зүрхийг эмч чагнах боломжтой болдог.

Эдийн хүчилтөрөгчийн хангамжийг тасралтгүй хянах багаж төхөөрөмж

Profusa компани ойрын хугацаанд эдийн цочмог юмуу архаг түвшний хүчилтөрөгчийн өөрчлөлт бүхий өвчтөний эдийн хүчилтөрөгчийн түвшинг тасралтгүй хянахад зориулагдсан Wireless Lumee Oxygen Platform нэртэй системийг худалдаанд гаргахад бэлэн болсон байна. Энэ нь захын артерийн судасны өвчин, мөчдийн амь насанд аюултай ишемийн үед хэрэглэхэд тохиромжтой. Энэ багаж их бие рүү нь 3-5 мм урт био мэдрэгч суулгасан, 50 микрон диаметртэй, хиймэл оюун ухааны өгөгдөлтэй бөгөөд тодорхой хэсэг газарт, эсвэл судсанд мэс засал хийсний дараа эмчилгээний ба нөхөн сэргээх үед хангалттай хүчилтөрөгчөөр хангаж байгаа эсэхийг хянаж байдаг төхөөрөмж юм.  Биомэдрэгчийг хүний биеийн эд рүү суулгахад хэмжилтийн үнэн зөв байдалд нөлөөлөхгүйгээр 2 жилийн турш ажилладаг. Мэдрэгч тус бүр нь молекулын цацруулдаг гэрлийг агуулсан “ухаалаг гидрогелээс” бүрдэж, хүний биед хүчилтөрөгч хир байгаа тухай тасралтгүй дохио өгч байдаг.

Арьсанд наалдуулсан утасгүй, хөнгөн материалтай, мөр, гар эсвэл хөлөнд суулгасан био мэдрэгчээс ирэх флуоресцентэн сигналыг  “тоолж” байдаг. Дараа нь энэ материал нь утасгүй аргаар тухайн цаг мөчид мэдээллийг боловсруулах самбар руу мэдээллээ дамжуулдаг байна.

Даралт, зүрхний цохилт, хүчилтөрөгчийн хангамжийг хянах цаг

YHE BP Doctor – артерийн даралт, цусны хүчилтөрөгчийн хангамжийн түвшин, зүрхний хэмийг хэмждэг “ухаалаг” цаг. Энэ багажийг сэтгэл гутралын түвшин, нойргүйдлийн байдлыг үнэлэхэд хэрэглэж болно. Багаж нь ердийн “ухаалаг” цаг шиг харагддагч, автоматаар үлээдэг манжет нь хэмжилтийн үнэн зөв байх боломжийг хангадаг. Энэ цаг бүтээхэд жижиг хэмжээтэй насос, хавхлага, чиптэй холбоотой 30 гаруй патентийг ашиглан бүтээсэн байна. Цагны оосрын дотор байх хийлэгддэг манжетийн тусламжаар  BP Doctor цаг нь дээд мөчинд зориулсан ердийн манжеттай даралтын аппаратын адилаар цусны даралтын заалтыг гаргадаг. Энэ багаж нь Omron “ухаалаг” цагтай их төстэй.

Omron HeartGuide цаг нь ердийн манжетан даралтны аппараттай адил зарчмаар даралтыг хэмжиж “ухаалаг” цагны олон үүргийг гүйцэтгэдэг. Гадна талд гоёлын зүүлтний доор тодорхой хугацааны зайтай үлээгддэг манжет байрладаг. Энэ нь бусад ижил төрлийн зүүж явдаг аппаратаас ялгарах гол онцлог юм. Түүнчлэн энэ багаж нь зүрхний цохилт ба шөнийн турш унтсан цагийг хэмждэг,  унтах үед даралтыг хэмждэг бөгөөд унтах үед цусны даралтыг хэмжих программтай. Omron цагны уншсан мэдээлэл нь нэг төхөөрөмж дээр суурилсан төхөөрөмжөөс илүү нарийвчлалтай бөгөөд зүүсэн хүмүүст эмч нар өөрсдийн эмийг тохируулах, илүү нарийвчлалтай зөвлөмж өгөхөд ашиглаж болох өгөгдлийг өгдөг. Цусны даралтыг хянахаас гадна HeartGuide нь өдөр тутмын үйл ажиллагаа, судасны цохилт, унтах хугацаа, түүний чанарыг хянадаг байна.

Тоймыг Cardiology, Medical News, Vator, Medgadget.com, Karger, MobiHealth News, HIT Consultant зэрэг мэдээллийн эх сурвалжуудаас авч бэлтгэлээ.

Бэлтгэсэн: Зүрх судасны мэс заслын сектор, ЭША, Т.Баяраа