G.-u. Kim 1, M.-J. Kim 2, S.H. Ra 2, J. Lee 2, S. Bae 2, J. Jung 2, S.-H. Kim 2
1 БНСУ-ын Сөүл хот Улсан их сургуулийн Анагаах ухааны коллеж, Асан эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн судалгаа, сурталчилгааны төв
2 БНСУ-ын Сөүл хотын Улсан их сургуулийн Анагаах ухааны коллеж, Асан эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын тэнхим
Clinical Microbiology and Infection сэтгүүлд өнөөдрөөс нэг жилийн өмнө нийтлэгдэж байсан маш чухал судалгааны тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.
ХУРААНГУЙ
Зорилго: Коронавируст (Ковид-19) халдварын шинж тэмдэггүй тохиолдлын тархалтын талаарх дэлгэрэнгүй мэдлэг ба хөнгөн хэлбэрийн эмнэлзүйн шинж тэмдгийн илрэл Ковид-19 цар тахлыг үр дүнтэй хянахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Бид Ковид-19 өвчний шинж тэмдэггүй тохиолдлын тархалт, хөнгөн хэлбэрийн өвчтнүүдийн шинж тэмдгүүдийг тодорхойлов.
Аргазүй: Ковид-19 өвчний хөнгөн, дунд зэргийн явцтай шинж тэмдэггүй өвчтөнүүдийг тусгаарлах зориулалттай Өмнөд Солонгос улсын олон нийтийн байгууллагаас судалгаанд оролцогчдыг хамруулав. Шинж тэмдэггүй өвчтөнүүдийн тархалт ба хөнгөн хэлбэрийн Ковид-19 тохиолдлуудын шинж тэмдгүүдийг судалгааны нарийвчилсан асуумж хуудсаар үнэлэв. Ковид-19-ийн онош нь бодит хугацааны ПГУ шинжилгээгээр батлагдсан.
Үр дүн: Ковид-19 өвчтэй 213 өвчтөний 41 нь (19.2%) хэвтэх хүртлээ шинж тэмдэггүй байсан. Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийн дунд хамгийн нийтлэг шинж тэмдэг нь ханиалгах (40.1%; 69/172), дараа нь үнэрлэх мэдрэмж буурах (39.5%; 68/172) болон цэршилт үүсэх (39.5%; 68/172) байв. Үнэрлэх мэдрэмж буурсан 68 хүний 61 нь (90%) амтлах мэдрэмж буурах, хамар битүүрэх, нус гоожих гэх мэт шинж тэмдгүүдтэй байсан. Халууралт (> 37.5°C) зөвхөн 20 (11.6%) хүнд ажиглагдсан.
Дүгнэлт: Ковид-19 өвчтэй хүмүүсийн тавны нэг нь халдвар авснаас эмнэлэгт хэвтэх хүртлээ шинж тэмдэггүй хэвээр байсан байна. Хөнгөн хэлбэрийн Ковид-19 өвчтэй хүмүүсийн дунд үнэрлэх мэдрэмж буурах шинж ихэвчлэн тохиолддог байсан бол халууралт нийтлэг илрээгүй байна. Ковид-19 өвчний шинж тэмдэг илрээгүй хүмүүс эсвэл хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй хүмүүсээс халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн харилцаанд зай барих арга хэмжээг хэрэгжүүлэх нь маш чухал.
Үндэслэл
Өмнөд Солонгос улсын Дэгү хотод Шинчеонжи шашны бүлэглэлтэй холбоотой хамгийн том кластер 2020 оны 2-р сарын 12-ны өдөр бүртгэгдсэн. Солонгосын тархвар судлалын багууд энэхүү шашны бүлэгтэй холбогдох ойрын хавьтлын хүмүүсийг нягт хайж, SARS-CoV-2 вирусын шинжилгээг бүх ойрын хавьталд хийсэн. Үүний үр дүнд 2020 оны 3-р сарын 2-ны байдлаар зөвхөн Дэгү хотод Ковид-19 өвчний 3081 тохиолдол батлагдсан бөгөөд тэдгээрийн 70 орчим хувь нь энэ шашны бүлэгтэй холбоотой байжээ. Дэгү хотод Ковид-19 өвчний тохиолдлын н тоо эрс нэмэгдсэний улмаас Солонгос улсын засгийн газар өвчний дунд, хүнд явцтай, эсвэл тавилан муу биш, эрсдэлгүй хүмүүсийг эмнэлгээс бусад газарт тусгаарлаж, хяналт тавихаар шийдвэрлэсэн. Энэхүү бодлого нь өвчний дэгдэлтийн үед шинж тэмдэггүй хүмүүсийн тархалтыг үнэлэх, хөнгөн хэлбэрийн Ковид-19 өвчтэй хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдгийг үнэлэх боломжийг олгосон.
Аргазүй
2020 оны 3-р сарын 2-ны өдрийн байдлаар Дэгү хотын бүсэд шинэ титэм вирус (SARS-CoV-2)-ыг оношлох 19636 шинжилгээг хийсэн байна. Тус шинжилгээнээс Дэгү хотын нийт хүн амын дунд 12947 (66%), үүнээс Шинчеонжи сүмтэй холбоотой 6689 (34%) иргэд шинжилгээнд хамрагдаж, түүний 60 орчим хувь нь эерэг дүнтэй гарсан. Ийм байдлаар Дэгү хотын бүсэд нийт 3081 хүн оношлогдсон бөгөөд тэдний бараг 70% (2136/3081) нь шашны бүлэгтэй холбоотой байжээ. Эрсдлийн үнэлгээнээс хамааран Ковид-19 батлагдсан эдгээр 3081 хүнийг эмнэлэг, олон нийтийн тусгаарлах байранд тусгаарласан. Солонгос улсын засгийн газар, Дэгү хотын орон нутгийн засаг захиргаанаас хөнгөн хэлбэрийн Ковид-19-тэй өвчтөнийг тусгаарлах байранд, дунд болон хүнд хэлбэрийн Ковид-19-тэй өвчтөн болон өндөр эрсдэлтэй хүмүүсийг эмнэлэгт хуваарилав. Ковид-19 өвчний өндөр эрсдэлтэй хүчин зүйлүүдэд (а) ≥ 65 нас, (б) архаг суурь өвчин (жишээлбэл: чихрийн шижин, бөөрний архаг дутагдал, элэгний архаг өвчин, уушигны архаг өвчин, зүрх судасны архаг өвчин), (в) цусны хоруу чанартай өвчин, (г) химийн эмчилгээ эсвэл дархлаа дарангуйлагч эм хэрэглэдэг хүмүүс орно. Шинж тэмдгүүдээс үл хамааран, батлагдсан бүх өвчтөнийг эрсдлийн үнэлгээний дагуу эмнэлэг болон тусгаарлах байранд тусгаарласан.
Бид Ковид-19 өвчтэй хүмүүсийг тусгаарлах зориулалттай олон нийтийн байранд 2020 оны 3-р сарын 12-16-ны өдрийн хооронд асуумж судалгаа явуулсан. Ковид-19 өвчний оношилгоог хамрын хөндийн арчдаст SARS-CoV-2 E ген, RdRp ген ба N генийн бодит хугацааны полимеразын гинжин урвал (БХ-ПГУ)-ын шинжилгээгээр БНСУ-ын засгийн газраас зөвшөөрсний дагуу хийж тогтоосон. Асуумж судалгаанд оролцохоор зөвшөөрсөн оролцогч бүрээс бичгээр зөвшөөрөл авсан. Дутуу мэдээллийг сургагдсан эмч нар утсаар ярилцлага авах замаар олж авсан. Судалгааны протоколыг Асан анагаах ухааны төвийн хяналтын зөвлөл (Сөүл, Солонгос) батласан.
Үр дүн
БХ-ПГУ шинжилгээгээр батлагдсан Ковид-19 өвчтэй 260 хүнээс 213 нь (81.9%) энэ судалгаанд хамрагдсан. Тэдний 41 (19.2%, 95% CI 14.5% – 25.1%) нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хүртлээ шинж тэмдэггүй хэвээр байсан. Үлдсэн 172 хүнд эхний шинж тэмдгээс лабораторийн баталгаажуулалт хүртэл үргэлжлэх хугацаа 14 хоног (квартилийн хязгаар 8-17) байсан ба лабораторийн баталгаажуулалтаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хүртэл дундаж хугацаа 3 хоног (квартилийн хязгаар 3-6) байв. Ханиалга (40.1%; 69/172) хамгийн нийтлэг шинж тэмдэг байсан бөгөөд дараа нь цэр гарах (39.5%; 68/172), үнэрлэх мэдрэмж буурах (39.5%; 68/172), хамар битүүрэх (34.3%; 59/172) шинжүүд орж байсан байна. Үнэрлэх мэдрэмж буурсан 68 хүний 61 нь (90%) амт мэдрэх чадвар буурах, хамар битүүрэх, нус гоожих гэх мэт дагалдах шинж тэмдэгтэй байжээ. Халууралт (> 37.5 ° C) зөвхөн 20 (11.6%) хүнд ажиглагдсан.
Шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн эмнэлзүйн нарийвчилсан илрэлийг Хүснэгт 1-д өөр өөр цаг хугацаанд шинж тэмдгүүд хэрхэн илэрснийг харуулав (өөрөөр хэлбэл шинж тэмдэг эхлэх, оношилогдох, эмнэлэгт хэвтэх үед).
Хүснэгт 1. Хөнгөн хэлбэрийн Ковид-19 өвчний шинж тэмдэг илэрсэн 172 хүний эмнэл зүйн илрэл1
Тайлбар: Ковид-19- коронавирусын өвчин 2019; IQR-квартилийн хязгаар. 1. Оролцсон 213 хүнээс шинж тэмдэггүй 41 хүнийг шинжилгээнээс хасав. 2. Үнэрлэх мэдрэмж буурсан 68 хүний 32 нь (47.1%) хамар битүүрсэн гэсэн гомдол гаргасан.
Хэлцэмж
Ковид-19 өвчний шинж тэмдэггүй тохиолдол байгааг дэгдэлтийн талаарх эхний мэдээллүүдэд тэмдэглэсэн ба 72314 хүнийг хамруулан Хятад улсад хийсэн томоохон судалгаагаар 1% нь шинж тэмдэггүй байсан гэж мэдээлсэн. Гэсэн хэдий ч эдгээр тохиолдлын дийлэнх хувь Хубэй мужаас хамрагдсан бөгөөд эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хомсдлоос хөнгөн хүмүүсийг хасахад чиглэсэн сонголт хийхэд хүрсэн байж болзошгүй юм. Тиймээс Ковид-19 өвчний шинж тэмдэггүй тохиолдлын бодит тархалтыг тогтоож чадаагүй. Ковид-19 өвчтэй хүмүүсийн тавны нэг нь лабораторийн шинжилгээгээр баталгаажих эсвэл эмнэлэгт хэвтэх хүртэл шинж тэмдэггүй хэвээр байх магадлал өндөртэй байхыг бид тогтоосон. Өмнөх судалгаануудад амьдрах чадвартай SARS-CoV-2 вирусыг шинж тэмдэггүй хүмүүсээс өсгөвөрлөн авсан бөгөөд шинж тэмдэггүй өвчтнөөс тодорхой бүлгийн хүн амд халдвар дамжсан гэж мэдээлж байсан. Тиймээс өнөөгийн цар тахлыг хянах зорилгоор нийгмийн харилцаанд зай барих нь чухал болохыг бидний судалгааны дүн дэмжиж байна.
Ковид-19 өвчний сэжигтэй хүмүүсийг бусад амбулаторийн өвчтөнүүдээс тусгаарлах нь эмнэлгийн орчинд гарч болзошгүй дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Тиймээс Ковид-19 өвчний тархвар судлалын эрсдэлт хүчин зүйл, эмнэлзүйн шинж тэмдгийг нарийвчлан тодорхойлох нь чухал юм. Цаашилбал энэхүү цар тахлын тархалт тархвар судлалын эрсдэлт хүчин зүйлийн үүргийг сулруулж болзошгүй бөгөөд Ковид-19 өвчний эмнэлзүйн шинж тэмдэг нь скрининг хийхэд илүү чухал болох болно. Гэсэн хэдий ч хөнгөн хэлбэрийн Ковид-19 өвчтэй хүмүүсийн шинж тэмдгийн талаарх мэдээлэл хязгаарлагдмал байна. Саяхан хөнгөн хэлбэрийн Ковид-19 өвчнөөр өвчилсөн 13 хүнд хийсэн Хятад улсын судалгаагаар хамар битүүрэх (62%) нь хамгийн нийтлэг шинж тэмдэг байсан гэж мэдээлсэн. 172 хүнд хийсэн манай судалгаанд хамгийн нийтлэг шинж тэмдэг нь ханиалга, дараа нь үнэрлэх чадвар буурах, цэр гарах байсан ба халууралт (> 37.5° C) зөвхөн 11.6%-д ажиглагдсан. Сонирхолтой нь хөнгөн хэлбэрийн Ковид-19 өвчтэй хүмүүсийн дунд үнэрлэх чадвар буурах нь байнга тохиолдож байв. Хэдийгээр үнэрлэх чадвар буурах нь вирусын халдварын дараах үнэрлэх үйл ажиллагааны эмгэгээс үүдэлтэй боловч Ковид-19 өвчний энэ шинж тэмдгийн өвөрмөц байдлыг судлах шаардлагатай байна. Нэмж хэлэхэд энэхүү өвөрмөц шинж тэмдэг нь хамрын битүүрэл, Ковид-19 эсвэл бусад хавсарсан өвчний улмаас үнэрлэх мэдрэлийн үйл ажиллагааны алдагдсан эсэхийг тодорхойлохын тулд эмгэг физиологийн судалгаа хийх шаардлагатай байна.
Энэхүү судалгаа нь хэд хэдэн хязгаарлалттай байна. (1) Судалгаанд оролцогчид нь залуу насны, эмэгтэйчүүд давамгайлж байгаа нь ихэнх хүмүүс нэг шашны бүлэгтэй холбоотой байсантай холбоотой. Тиймээс энэхүү судалгааны үр дүн хөгшин хүмүүс, эрэгтэйчүүдэд шууд хамааралгүй байж магадгүй юм. Гэсэн хэдий ч энэ нь шинж тэмдэггүй өвчтөнүүдийн тархалт, хөнгөн хэлбэрийн Ковид-19 өвчтэй хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдгүүдийн талаар өнөөг хүртэл хийсэн хамгийн том судалгаа юм. (2) Судалгаанд оролцогчид ой тогтоолт бууралттай, эргэн санах алдаатай гэсэн хэдий ч судалгаанд оролцогчид өндөр боловсролтой, хамтран ажиллагчид байсан тул энэ хандлага нь өрөөсгөл, бидний үндсэн дүгнэлтэнд нөлөөлөөгүй байж болзошгүй юм. (3) Ковид-19 өвчтэй хүмүүсийн шинж тэмдгийг амьсгалын замын бусад вирусын халдвартай өвчтөнүүдтэй харьцуулаагүй тул үнэрлэх чадвар буурах гэх мэт зарим давамгайлсан шинж тэмдгүүд байгаа эсэхийг судлах шаардлагатай байгаа ба энэ нь Ковид-19 өвчтэй хүмүүсийг амьсгалын замын вирусын өвчнөөс ялгахад тустай. (4) Бид хавсарсан халдвар байгааг үгүйсгэх бусад шинжилгээ хийгээгүй. Үүний үр дүнд судалгаанд оролцогчийн илэрсэн зарим шинж тэмдгүүд нь хавсарсан халдвартай холбоотой байж болзошгүй юм. Калифорнид хийсэн судалгаагаар Ковид-19 өвчтэй хүмүүсийн 20% нь риновирус, амьсгалын замын синцитиал вирус, хүний коронавирус, томуугийн вирус зэрэг амьсгалын замын нэг буюу хэд хэдэн эмгэг төрүүлэгчтэй байсан гэж мэдээлсэн. Тиймээс хөнгөн хэлбэрийн Ковид-19 өвчтэй хүмүүсийн шинж тэмдгүүдийн талаар бидний олж мэдсэн мэдээллийг анхааралтай авч үзэх хэрэгтэй.
Дүгнэж хэлэхэд хөнгөн хэлбэрийн Ковид-19 өвчтэй хүмүүсийн тавны нэг орчим нь эмнэлэгт хэвтэхдээ шинж тэмдэггүй байсан бөгөөд хөнгөн хэлбэрийн Ковид-19 өвчний хамгийн нийтлэг шинж тэмдэг нь ханиалга нь үнэрлэх мэдрэмж буурсан, эсвэл үнэрлэх мэдрэмж буураагүй, цэртэй байсан. Ковид-19 өвчний тархалт олон нийтийн дунд шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй илэрсэн хүмүүсийн судалгаанд оруулсан хувь нэмэр нь цаашдын SARS-CoV-2 вирусын судалгаанд тархалтыг үр дүнтэй хянахад чухал үүрэгтэй.
Эх сурвалж: https://doi.org/10.1016/j.cmi.2020.04.040
Орчуулсан: Мэдрэл судлалын секторын ЭША, Мэдрэлийн эмч Т.Саранцэцэг
Хянасан: Мэдрэл судлалын секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Чимэглхам
Recent Comments