Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн мэндийг АУХ-ийн хөгжлийн түүхийг бүтээсэн ахмад үе, тэдний алдар гавьяаг нэр төртэй залгамжлан авч яваа эрдэмтэн судлаачид болон та бүхэндээ өргөн дэвшүүлье. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 05 сарын 16-ны өдрийн 118 дугаар зарлигаар Шинжлэх ухааны академийг 5 хүрээлэнтэй байгуулсны нэг нь Анагаах ухааны хүрээлэн юм. Мөн 05 сарын 22-ны өдөр уг шинээр байгуулагдсан ШУА-ийн анхны хуралдаанаар нэрт мэс засалч, манай орны анагаах ухааны салбарын анхны эрдэмтэн Түндэвийн Шагдарсүрэнг Анагаах ухааны хүрээлэнгийн захирлаар баталсан юм. Академич Т.Шагдарсүрэн тус хүрээлэнгийн захирлаар 20 гаруй жил тасралтгүй ажилласан ба түүний 80 насны ойг тохиолдуулан МУ-ын ЗГ-ын 1998 оны 3 сарын 25-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Анагаах ухааны хүрээлэнг түүний нэрэмжит болгосон түүхтэй. Цар тахалтай холбоотой онцгой нөхцөл давхцаж буй ч бид олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал, ойд зориулсан номын бүтээл, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, олон нийтэд зориулсан цахим өдөрлөг, зөвлөгөө, зөвлөмжүүдийг энэ ондоо төлөвлөн гүйцэтгэсээр байна. Та бүхнийг анагаах ухааны салбарт олсон ололт амжилтаа бататган, улам их амжилт бүтээлийг гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.