Paola Rogliani, Alfredo Chetta, Mario Cazzola and Luigino Calzetta*
MDPI journals-Vaccines, 5 March 2021
2021 оны 3-р сарын 5-ны өдөр Швейцар улсын “Molecular Diversity Preservation International” институтын Вакцин сэтгүүлд нийтлэгдсэн SARS-CoV-2 Neutralizing Antibodies: A Network Meta-Analysis across Vaccines сэдэвт тойм өгүүллийн товч үр дүнг хүргүүлж байна. Энэхүү судалгаа нь клиник туршилтын III үе шатанд туршигдаж буй вакцинуудын саармагжуулах эсрэгбие үүсгэх нөлөөг харьцуулан судалсан байна. Уг тойм өгүүлэлд 11-н клиник судалгааны буюу 11 вакцины, нийт 836-н насанд хүрэгчдийн дунд хийсэн туршилтын үр дүнг багтаажээ.
Зураг.1 Хамгийн үр дүнтэй вакцин байх магадлал. Босоо тэнхлэг: Вакцинуудын үр дүнг 1-11-ын хооронд эрэмбэлсэн байдал. Хэвтээ тэнхлэг: вакцинуудын саармагжуулах эсрэг биеийн хэмжээг 0-1-ын хооронд шилжүүлэн дүгнэсэн үнэлгээ.
Товч үр дүн: WAZD1222, BBIBP-CorV, BNT162b2, New Crown COVID-19 нь үр дүнтэйгээр саармагжуулах эсрэгбиеийн нийлэгжилтийг өдөөсөн ба AZD1222 болон BBIBP-CorV нь бусад вакцинтай харьцуулахад илүү үр дүнтэй байна.
Саармагжуулах эсрэгбие нь вакцинжуулалтын дараа вирусын халдвараас хамгаалах дархлааны урвалд гол үүрэгтэй оролцдог ба эсрэгбиеийн төрлүүдээс IgG нь саармагжуулах эсрэгбиеийн дийлэнх хувийг бүрдүүлдэг.
Саармагжуулах эсрэгбиеийн хэмжээг илрүүлэхдээ лабораторийн /in-vitro/ орчинд суурилсан саармагжуулах урвалыг алтан стандарт болгодог. Серологийн бусад аргууд болох фермент холбох эсрэг биеийн урвал, дархан туяаралт аргуудыг /ELISA, IFA/ эсрэгбиеийг илрүүлэхэд ашигладаг хэдий ч бусад төрлийн коронавирустай солбилцох урвалд орж хуурамч эерэг хариу гарах магадлалтай. Түүнчлэн эдгээр аргуудаар сорьц дахь саармагжуулах эсрэгбиеийн илрэлийг бүрэн тодорхойлж, вакцины үр дүнг бүрэн үнэлэх боломжгүй юм.
Зураг.2 Саармагжуулах эсрэгбиеийн урвал
Коронавирусын S уургийн RBD буюу рецептор холбох хэсэгтэй саармагжуулах эсрэгбие холбогдсоноор эсэд вирус халдварлан орохоос сэргийлдэг.
Судалгааны сул тал:
- Зөвхөн AZD1222 болон mRNA-1273 нь 70-с дээш насныханд саармагжуулах эсрэгбиеийг тодорхойлсон дүнг хэвлүүлсэн байв.
- Судалгаанд оролцогчдын тоо харилцан адилгүй /BNT162b2, Sputnik V, CoVLP, NVX-CoV2373, mRNA-1273 цөөн тооны хүн хамруулсан/
- Саармагжуулах эсрэгбиеийг үнэлсэн хугацаа ялгаатай
BNT162b2: 9-н 7 хоног
Ad26.COV2.S, Ad5–nCoV, AZD1222, BBIBP-CorV, CoronaVac: 4-н 7 хоног
CoVLP, mRNA-1237, New Crown COVID-19, NVX-CoV-2373, Sputnik V:3-н 7 хоногоос бага
Дүгнэлт: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад яаралтай журмаар бүртгэгдсэн болон манай улсад хэрэглэгдэж буй вакцинууд нь бусад судалгааны шатанд буй вакцинуудтай харьцуулахад саармагжуулах эсрэгбиеийг хангалттай хэмжээгээр нийлэгжүүлж байгаа хэдий ч цаашид илүү олон хүнийг хамруулсан, клиникийн III үеийн туршилтын үр дүнг тайлагнасан судалгааны ажлууд шаардлагатай байна.
Орчуулж бэлтгэсэн: Анагаах ухааны хүрээлэн, Эрдэм шинжилгээний төв лабораторийн ажилтнууд
Хянасан: ЭШТЛ-ийн эрхлэгч, АУ-ны доктор С.Мөнхбаяр
Та бүхэн энэхүү судалгааг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл доорх холбоосыг ашиглаарай.
Эх сурвалж:
https://www.mdpi.com/2076-393X/9/3/227
https://www.sciencedirect.com/science/article/pii/B9780128163283000076
Recent Comments