Америкийн Зүрхний холбоо (AHA) болон Америкийн харвалтын холбоо (ASA) -оос гаргасан Тархины цус тасалдах харвалтын эрт үеийн эмийн эмчилгээний менежментийн шинэчилсэн зөвлөмжийг орчуулан хүргэж байна.
Бэлтгэсэн: АУ-ны магистр Б.Пунсалдулам
Хянасан: АУ-ны доктор Б.Чимэглхам
Тархины цус тасалдах дайрал, тархины цус тасалдах харвалт (ТЦТХ )-ын үнэлгээ бүрэн хийгдсэний дараа ТЦТХ-ын эмгэг жамын дагуу бүлэгнэлтийн эсрэг эмчилгээг шаардлагатай тохиолдолд өөрчлөх боломжтой бөгөөд оновчтой эмчилгээг цаг алдалгүй төлөвлөн хийх нь ТЦТХ өвчний хүндрэл, хөдөлмөрийн чадвар алдалт, нас барах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Амаар уух антикоагулянт-варфарин эсвэл шууд амаар уух антикоагулянт бүлгийн эмийн эмчилгээг тосгуурын жирвэгнээтэй өвчтөнд хоёрдогч урьдчилан сэргийлэлтэнд урт хугацаанд зөвлөдөг бол судсан дотуур хэрэглэх антикоагулянт эмчилгээг зүрхний эмболийн гаралтай цочмог тархины цус тасалдах дайрлага эсвэл зүрхний зүүн ховдлын тромбо болон зүрхний механик хавхлагын тромбын шалтгаант ТЦТХ-ын тохиолдолд зөвлөж байна. Тархины цус тасалдах дайрлага оноштой ихэнх өвчтөнд эрт үеийн антиагрегант эмчилгээ буюу аспирин (өдөрт нэг удаа162-325 мг тунгаар) эсвэл зүрхний эмболийн шалтгаан тогтоогдоогүй цочмог ТЦТХ-ын тохиолдолд антикоагулянт эмчилгээ хийх шаардлагатай гэж тэмдэглэжээ,. Өндөр эрсдэлтэй тархины цус тасалдах дайрал эсвэл бага харвалт (NIHSS үнэлгээ ≤5) бүхий өвчтөнүүдэд эрт үеийн антиагрегант бүлгийн аспирин (эхлэх тун 160-325 мг, цаашид өдөрт 50-100 мг), клопидогрел (эхлэх тун 300 мг цаашид өдөрт 75 мг тунгаар) хосолсон эмчилгээг зөвлөсөн байна. Мөн зүрхний эмболийн бус цочмог ТЦТХ ба тархины цус тасалдах дайрлагын дараах хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн журмаар эмчилгээнд аспирин 81мг тунгаар эсвэл клопидогрел 75 мг тунгаар буюу антиагрегант эмийн бүлгээс дангаар нь хэрэглэхийг зөвлөмж болгожээ. Түүнчлэн зүрхний зүүн тосгуурын тромбо, зүрхний механик хавхлагын тромбын гаралтай зүрхний эмболийн шалтгаант цочмог ТЦТХ-тай өвчтөнүүд дахин харвах эрсдэл өндөр учир аспирин эмчилгээнээс илүүтэй эрт үеийн судсан дотуур хэрэглэх антикоагулянт эмчилгээг санал болгожээ.
ТЦТХ-ын эмнэлзүйн дэд хэлбэрийн эмийн эмчилгээний алгоритмыг хавсралтаар оруулав.
Recent Comments