ДЭМБ 2019 оны тайлан мэдээгээр дэлхий дахинд хоёр тэрбум гаруй хүн ХВВ-ийн халдварт өртөж, тэдгээрийн 296 сая архаг ВВХ-тай байна. Хепатитийн вирүсийн улмаас жил бүр 1.5 сая хүн элэгний архаг үрэвсэл, элэгний цирроз (720 000), элэгний анхдагч өмөнгөөр (820 000) нас барж байна (WHO 2019)1. Дэлхий даяар газар нутаг, хүн амын дунд ХВВ халдвар харилцан адилгүй тархалттай байна2. Дэлхийн олон оронд ХВВ-ийн халдвар тархах гол зам нь босоо (хүүхэд төрөх үеийн) халдвар дамжилт юм. Эхээс нярайд халдварлахдаа төрөхийн өмнөх цус алдалт, эхэс урагдалтай холбоотой байдаг. Хэвтээ тэнхлэгт халдварт дамжилт ахуйн замаар, гэр бүлийн дотор, ялангуяа хүүхдээс хүүхдэд дамждаг бөгөөд ХВВ-ийн халдварын 50% нь уг замаар халдварлагддаг3. ДЭМБ ХВВ –ийн гадаргуугийн антиген (HBsAg)-ий илрэлтээр дэлхий нийт хүн амын ХВВ тархалтыг 4 ангилдаг.
- ХВВ их тархалттай: нийт хүн амын 8% -аас дээш
- ХВВ дундаас дээш тархалттай: хүн амын 5-7%
- ХВВ дундаас доош тархалттай: хүн амын 2-4%
- ХВВ бага тархалттай: хүн амын 2% хүртэл4
ХВВ-ийн тархалт Африк, Номхон далай баруун бүсэд өндөр байна. Энэ бүс нутагт архаг ХВВ-ийн халдварт өртөгсөд ихэвчлэн эхээс төрөх үе болон тав хүртлэх хүүхэд насандаа халдварлагдсан байдаг. Дунд тархалттай бүсэд өмнөд болон зүүн Европ, Ойрхи Дорнод, Япон, Энэтхэгийн бүсүүд, Төв азийн лалын шашинт ихэнхи орнууд болон Хойд Африкийн орнууд ордог ба халдварт өртөх эрсдэл 20-60% байдаг. Уг бүсэд бүх насны хүмүүс халдварт өртөх боловч нярай болон бага насны хүүхдүүд өртөх нь их байдаг. Харин тархалт багатай Хойд Америк, Баруун Европ, Австралид ХВВ-ийн халдвар хар тамхи хэрэглэгчид нэг удаагийн бус тариур хэрэглэх, эрсдэлтэй бэлгийн хавьтагч нар дунд бэлгийн замаар халдвар дамжих нь голлох байр эзэлж байна5.
Зураг 1. ХВВ-ийн халдварын тархалт (CDC 2017)
Дэлхийн нийт хүн амын 75% нь ХВВ –ийн халдварын тархалт өндөр бүсэд амьдарч байна. Зураг 1-аас харахад Монгол оронд ХВВ-ийн халдварын тархалт өндөр бөгөөд ХВВ-ийн халдварын хүндрэл болох элэгний анхдагч өмөн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна6.
Хүснэгт 1. Монгол улсын эрүүл хүн амын дунд ХВВ-ийн халдварын тархалт
ХВВ жижигхэн дугтуйт, давхар утаслаг Хепаднавирүс бүлгийн ДНХ агуулсан ретровирүстэй төсөөтэй вирүс юм. 1963 онд Америкийн эрдэмтэн Барух Блюмбэрг Австралийн уугуул хүмүүсийн цусны ийлдсэнд урьд нь мэдэгдээгүй нэгэн уургийг илрүүлж Австрали эсрэгтөрөгч хэмээн нэрлэжээ. Удалгүй энэ эсрэгтөрөгч нь ВВХ-ийн өвчлөлтэй холбоотой төдийгүй энэ өвчлөлийг үүсгэгч вирүсийн гадаргуугийн уураг болох нь тодорхой болжээ. Дэвид Дейн 1973 онд уг вирүсийн бүтэн вирионыг тодорхойлсон нь одоо Дейны биенцэр гэж нэрлэгдэж байна. ХВВ нь 42-47 нм хэмжээтэй, гадар липопротейн бүрхүүлтэй, бүрхүүл нь гурван төрлийн уургаас тогтсон вирүс бөгөөд геном нь 3.2 kb орчим урттай, нарийн нийлмэл бүтэцтэй 8 төрлийн генотип (A-H) бүрддэг. ХВВ-ийн генотип дэлхийн өнцөг булан бүрт харилцан адилгүй тархсан байдаг (Зураг2).
Зураг 2. ХВВ-ийн генотипийн тархалт (The Lancet; Hepatitis B infection 2014)
ХВВ-ийн эсрэг вакцин 1982 бий болсон бөгөөд Монгол улсад 1991 оноос хойш ХВВ эсрэг дархлаажуулалт хийж байна. Вакцин нь элэгний архаг өвчин, элэгний анхдагч өмөнд хүргэдэг ХВВ-ийн халдвараас 95% урьдчилан сэргийлдэг12. ХВВ-ийн эсрэг вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх нь ХВВ эсрэг хариу арга хэмжээ авахад үр дүнтэй байна. Дэлхий дахинд 2015 оны байдлаар ХВВ-ийн эсрэг гурван тун вакцины хамрагдалдалтыг 84%-д хүргэжээ. Үүний үр дүнд амьдралын эхний 5 жилд ХВВ-ээр халдварлах явдал багасч, ХВВ тархалт эрс буурсан. Гэсэн ч төрсний дараах анхны тунгийн дархлаажуулалтанд хамруулсан байдал дэлхий нийтэд 39%-тай байна1. Архаг ХВВ халдварыг биохими, вирүслоги болон гистологийн аргаар оношилдог. ХВВ нь эс гэмтээгч вирүс биш, элэгний эзэн эсийн вирүсийн эсрэг дархлааны хариу урвалын үр дүнд элгийг гэмтээдэг. Халдварын нууц үе 1-6 сар байдаг ба ХВВ нь халдвараас тухайн бие махбод эдгэх нь халдварласан зам, вирүсийн тун, эзэн биеийн дархлааны чадамжаас хамаарч цочмог халдвараас архаг хэлбэрт 5% нь шилждэг13. Архаг ХВВ-ийн үе шатыг үнэлэхдээ элэгний үйл ажиллагааны шинжилгээ болон ХВВ антиген (HBsAg ба HBeAg) ба эсрэгбие (HBs, HBc болон anti-HBe) илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээг ашигладаг. ХВВ-ийн ДНХ-г ийлдсэнд тоон болон чанарын аргаар тодорхойлдог. Энэ арга нь халдварын идэвхижлийг үнэлэх, хүндрэлийг тооцох, эмчилгээг хянах, эсийн гэмтлийг тогтоодог. Элэгний биопси нь оношийг батлах, элгэнд нөлөөлөх бусад өвчинг илрүүлэх, фиброзын үе шатыг үнэлэх зайлшгүй шаардлагатай арга юм14. ХВВ-ийн гадаргуугийн уургийн тусламжтайгаар ХДВ элэгний эсэд нэвтэрч хам болон давхар халдварлан, хоруу, давшингуй явцтай элэгний үрэвслийг үүсгэж, богино хугацаанд элэгний хатуурал, элэгний анхдагч өмөнд хүргэдэг. Дан В вирүст хепатиттай харьцуулахад Дельта вирүс хавсарсан халдварын үед элэгний хатуурал үүсэх эрсдэл 3 дахин, элэгний анхдагч өмөн үүсэх эрсдэл 2 дахин их байдаг. ХВВ ба ХДВ-ийн хавсарсан халдварын 70% нь архаг хэлбэрт шилжин 5-10 жилийн дотор элэгний хатууралд шилждэг5. Дэлхийд ойролцоогоор 15-20 сая хүн ХВВ ба ХДВ-ийн вирүсийн хавсарсан халдвартай амьдарч байна15,16.
Бэлтгэсэн: ДЭСС-ийн ЭША Б.Тэгшжаргал
Ашигласан ном
- Kurbanov F, Tanaka Y, Elkady A, Oyunsuren T, Mizokami M. Tracing hepatitis C and Delta viruses to estimate their contribution in HCC rates in Mongolia. Journal of viral hepatitis. Sep 2007;14(9):667-674.
- Lavanchy D. Worldwide epidemiology of HBV infection, disease burden, and vaccine prevention. Journal of clinical virology : the official publication of the Pan American Society for Clinical Virology. Dec 2005;34 Suppl 1:S1-3.
- Beasley RP, Hwang LY, Lee GC, et al. Prevention of perinatally transmitted hepatitis B virus infections with hepatitis B immune globulin and hepatitis B vaccine. Lancet. Nov 12 1983;2(8359):1099-1102.
- Ott JJ, Stevens GA, Groeger J, Wiersma ST. Global epidemiology of hepatitis B virus infection: new estimates of age-specific HBsAg seroprevalence and endemicity. Vaccine. Mar 9 2012;30(12):2212-2219.
- Lok AS, McMahon BJ. Chronic hepatitis B. Hepatology. Feb 2007;45(2):507-539.
- Organization WH. Global Hepatitis Report. Geneva April 2019 2019.
- European Association for the Study of the Liver. Electronic address eee, European Association for the Study of the L. EASL 2017 Clinical Practice Guidelines on the management of hepatitis B virus infection. Journal of hepatology. Aug 2017;67(2):370-398.
- Davaalkham D, Ojima T, Uehara R, et al. Analysis of hepatitis B surface antigen mutations in Mongolia: molecular epidemiology and implications for mass vaccination. Archives of virology. 2007;152(3):575-584.
- Tsatsralt-Od B, Takahashi M, Nishizawa T, Endo K, Inoue J, Okamoto H. High prevalence of dual or triple infection of hepatitis B, C, and delta viruses among patients with chronic liver disease in Mongolia. Journal of medical virology. Dec 2005;77(4):491-499.
- Tsatsralt-Od B, Takahashi M, Endo K, et al. Prevalence of hepatitis B, C, and delta virus infections among children in Mongolia: progress in childhood immunization. Journal of medical virology. Aug 2007;79(8):1064-1074.
- Davaalkham D, Ojima T, Nymadawa P, et al. Seroepidemiology of hepatitis B virus infection among children in Mongolia: results of a nationwide survey. Pediatrics international : official journal of the Japan Pediatric Society. Jun 2007;49(3):368-374.
- Ochirbat T, Ali M, Pagbajab N, et al. Assessment of hepatitis B vaccine-induced seroprotection among children 5-10 years old in Ulaanbaatar, Mongolia. Bioscience trends. Apr 2008;2(2):68-74.
- Liang TJ. Hepatitis B: the virus and disease. Hepatology. May 2009;49(5 Suppl):S13-21.
- D’Souza R, Foster GR. Diagnosis and treatment of chronic hepatitis B. Journal of the Royal Society of Medicine. Jul 2004;97(7):318-321.
- Rizzetto M, Canese MG, Arico S, et al. Immunofluorescence detection of new antigen-antibody system (delta/anti-delta) associated to hepatitis B virus in liver and in serum of HBsAg carriers. Gut. Dec 1977;18(12):997-1003.
- Hughes SA, Wedemeyer H, Harrison PM. Hepatitis delta virus. Lancet. Jul 2 2011;378(9785):73-85.
Recent Comments