Дэлхий даяар Ковид-19 цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Үүнтэй зэрэгцэн дархлаажуулалтад хамрагдаагүй бага насны хүүхдүүдээ сургуульд явуулах эсэх нь олон эцэг эхчүүдэд тулгамдсан асуудал болоод байна.
Нийгмийн эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд АНУ-д Корона вирусын Дельта хувилбарын дэгдэлтийн үед хэд хэдэн мужийн сургуулиудад маск зүүхийг зөвлөсөн ба хүүхдүүдэд вирусын халдвар авах эрсдэл бага байгааг тэмдэглэжээ. Энэ нь эрдэмтдийн сонирхлыг татсаар байна.
Яагаад Ковид-19 насанд хүрэгчдэд илүү хүндрэх хандлагатай байдаг вэ? Хүүхдийн биологийн онцлог вирусээс хамгаалж чадах уу? Эдгээр асуудлуудыг судлахад корона вирусын шинэ хувилбарууд хүндрэл учруулж байгаа ч судлаачид эдгээр асуултуудад хариулахын тулд хүүхдийн биологийн онцлог, амьдралын хэв маягийг судалж байна.
Ковид-19 хүүхдүүдэд тулгамдсан асуудал мөн үү?
Ерөнхийдөө хүүхдүүдийн хувьд цар тахал харьцангуй азтай байна. Насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдүүдэд Ковид-19 халдвар дамжуулах байдал бага байдаг эсэх нь тодорхойгүй ч тэд өвчлөх нь бага байгаа юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр АНУ-д 8-р сарын 25-ны байдлаар 18-аас доош насны 400 орчим хүүхэд л ковидын улмаас нас баржээ. Нью-Йорк хот болон хорь гаруй мужуудаас ирсэн тандалтын мэдээлэлд Ковид-19 батлагдсан хүүхдүүдийн 0.1%-1.9% эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Хүүхдэд коронавируст халдвар авснаас 8 долоо хоногийн дараа шинж тэмдэг хэвээр байгаа нь нийт тохиолдлын 1.8 хувийг эзэлж байгааг Их британид хийсэн судалгаагаар тогтоосон байна.
Гэвч цар тахал эхэлснээс хойш АНУ-д гарсан нийт тохиолдлын 15%-ийг хүүхдүүд эзэлж байсан бол 8-р сарын 26-ны байдлаар батлагдсан тохиолдлуудын 22.4%-ийг эзэлж байна. Дельта хувилбар хүүхдүүдэд өмнөх хувилбаруудаас илүү аюултай гэсэн баримт хараахан гараагүй ч 12-оос доош насны хүүхдүүдийг дархлаажуулах вакцин хараахан бэлэн болоогүй, олон газарт нийгмийн эрүүл мэндийн хязгаарлалтыг сулруулсан явдал дельта хувилбар хурдан тархахад нөлөөлж байна. 8-р сарын 24-өөс 8-р сарын 30 хүртэлх хугацаанд өдөрт дунджаар 18-аас доош насны 350 хүүхэд хэвтэн эмчлүүлж, зарим мужийн хүүхдийн эмнэлгүүдэд орны хүрэлцээгүй болжээ.
Хүүхдүүд яагаад том хүн шиг хүндэрдэггүй вэ?
Дээрх асуултын хариултыг зарим нь хүүхдийн ерөнхий эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарлаж байна. Хүүхдүүдэд таргалалт, чихрийн шижин гэх мэт Ковид-19 хүндрэлийг нэмэгдүүлдэг өвчлөл бага байдаг. Үүний зэрэгцээ хүүхдийн биологийн онцлогтой ч холбоотой. Шинэ коронавирус ACE2 рецепторын тусламжтайгаар эсэд нэвтэрдэг бол хүүхдүүдийн хамрын хөндийд уг рецептор цөөн байдаг. Түүнчлэн хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдаг нь давуу тал болдог байж болох юм. Коронавируст халдварын хүндрэл, нас баралт нь корона вирусээс бус дархлааны хэт урвалаас үүдэлтэй уушгины үрэвсэл байдаг. Энэхүү “цитокины шуурга” бага насны хүүхдүүдэд насанд хүрэгчдээс бага тохиолддог.
Хүүхдийн дархлааны систем насанд хүрэгчдээс эрс ялгаатай боловч одоо ч бүрэн тайлагдаагүй хэвээр, судалгааны түвшинд байна. Шинэ коронавирус хүүхдэд хор хөнөөл багатай цорын ганц өвчин үүсгэгч биш юм. Насанд хүрэгчид гепатит, гахайн хавдар гэх мэт өвчнөөр өвчлөхөд хүндрэх хандлагатай байдаг бол гепатиттай хүүхдүүдэд шинж тэмдэг илэрдэггүй. Гэсэн ч зарим вирусын хувьд эсрэгээрээ байдаг. Жишээлбэл томуу бол амьсгалын замын синцитиаль вирус (RSV) шиг 65-аас дээш насны насанд хүрэгчид ба бага насны хүүхдүүдэд илүү аюултай байдаг.
“Насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдэд өвөрмөц эмгэгтөрүүлэгчийг таних чадвартай “гэнэн” Т эс илүү байдаг. 30 нас хүрэхэд энэхүү эсийн ихэнх нь эмгэгтөрүүлэгчтэй таарч “санах ойн” Т эс болж хувирснаар тухайн эмгэгтөрүүлэгчтэй дахин таарахад илүү хурдан хариу урвал үзүүлэх чадвартай болдог. Үүнтэй зэрэгцэн биемахбодид “гэнэн” Т эсийн үйлдвэрлэл буурдаг. Насанд хүрсэн хүний биед цоо шинэ вирус (SARS-CoV-2) халдварлахад шинэ эмгэгтөрүүлэгчийг таньж хариу үйлдэл үзүүлэх чадвартай “гэнэн” Т эсүүд хангалттай олон биш байх болно. Харин хүүхдэд хангалттай олон байна” гэж Колумб их сургуулийн дархлаа судлаач өгүүлсэн байна. Тэрээр, хүүхдүүд яагаад шинэ корона вирусын эсрэг харьцангуй тэсвэртэй байгаа талаар үүнээс ч илүү чухал шалтгаан байж болох юм гэжээ. Эдгээр тусгай Т эсүүд вирусын эсрэг үйлдэл үзүүлэхээс өмнө корона вирусыг өөр төрлийн эс цэвэрлэдэг байж болох юм. Энэхүү цэвэрлэгээ хүүхэд, хөгшдөд мөн л ялгаатай байдаг төрөлхийн дархлаа буюу макрофаг, нейтрофил гэх мэт эсүүдийн гадны биетийг залгиж устгадаг үйлдлийн тусламжтайгаар хийгддэг байж болох юм. Энэ тогтолцоо нас ахихын хэрээр үр ашиг багатай болдог. 2020 оны судалгааны үр дүн дээрх санааг дэмжсэн нотолгоо гаргасан байна. Ковид-19 батлагдсан насанд хүрэгчид, хүүхдүүдээс бүрдсэн хэсэг бүлэг оролцогчдыг хамруулан судлахад хүүхдүүд ба 24-с доош насны оролцогчдын цусанд төрөлхийн дархлааны урвалд оролцдог IL-17a, IFN-γ гэх цитокин уургийн хэмжээ өндөр байсан байна. Энэ бүлгийн оролцогчдын биеийн байдал нөгөө бүлгийн оролцогчдоос илүү хурдан сайжирч эдгэсэн байна. Түүнчлэн Фарбер нарын 2021 онд хийсэн судалгаагаар Ковид-19-тэй хүүхдэд насанд хүрэгчтэй харьцуулахад корона вирусын эсрэг эсрэгбие цөөн төрөл, хэмжээгээр ялгарч байгааг тогтоосон нь “төрөлхийн дархлааны тогтолцоо аль хэдийн халдварын эсрэг арга хэмжээ авсан байгаад учир нь оршино” гэж дүгнэсэн байна.
Үнэхээр хүүхдүүд Ковид-19 халдварыг насанд хүрэгчдээс бага тарааж байгаа юу?
Коронавируст халдвар авсан маш олон хүүхдэд шинж тэмдэг илрэхгүй өнгөрч байгаа учир хүүхдүүд халдвар тарааж байгаа эсэхийг судлахад маш хэцүү юм. Онолоор бол хүүхдийн жижигхэн, сул хөгжсөн өрцний булчингийн ажиллагаагаар тэдний амьсгалах, ярих үед вирусыг гадагш гаргаж чадахгүй. Гэвч энэ бол бодит амьдрал дээр батлагдахгүй. Жишээ нь, 30 хүүхдийг жижиг, хаалттай өрөөнд оруулаад 8 цагийн турш өөр хоорондоо хашхирах, чанга ярих даалгавар өгвөл вирусыг тараах чадвартайг батлах болно. Исландад 2500 гаруй хүнийг оролцуулан Ковид-19-ийн өртөлт ба халдварын тохиолдол бүрийг тандах судалгаагаар 16-аас дээш насны оролцогчид хүүхэдтэй харьцуулахад 60% илүү халдварладгийг тогтоожээ.
Хэдийгээр хүүхдүүд корона вирусын халдвар тараах чадвартай ч сургууль үнэхээр дэгдэлтийн эх үүсвэр болох уу эсвэл зүгээр л хүн ам дахь халдварлалтын хурдтай хамааралтай юу гэдгийг мэдэхэд хэцүү юм. Үүний зэрэгцээ сургууль бол халдвар тараах том эх үүсвэр биш гэдгийг баталсан олон судалгаа байгаагийн нэг нь 2021 оны 3 сараас 6 сар хүртэлх хугацаанд Хойд Каролинагийн1 сая гаруй бага ангийн сурагчид, сургуулийн ажилчдыг маск тогтмол зүүх шаардлага тавьж дагаж судалсан судалгаагаар Ковид-19 батлагдсан 363 тохиолдол л энэ хугацаанд сургуулиас халдвар авсан болох нь батлагдсан байна. Хэрэв маск зүүх шаардлагыг нэмэгдүүлбэл сургууль бол халдварын аюулгүй байгууллагуудын нэг байх боломжтой гэж судалгааны баг дүгнэжээ. Цар тахлын үеэр танхимаар хичээллэж байсан бусад орон, мужийн сургуулиудад дээрхтэй ижил хандлагатай байгаа юм.
Гэхдээ энэ дүр зураг халдварлуулах чадвар өндөртэй дельта хувилбарын халдварын үед өөр байж болох юм. Учир нь дельта хувилбар бол өмнөх хувилбаруудтай харьцуулахад хүний биед илүү хурдан репликацад орж, сийвэнд 1000 дахин илүү өндөр хэмжээтэйгээр тодорхойлогдож байгаа нь маш хурдан халдварлуулах чадвартайг илтгэж байна. Тухайлбал, саяхныг хүртэл өндөр хамгаалалт, сахилга баттай байсан Австралид дельта хувилбарын халдвар бүртгэгдэж, Брисбан, Куинсландын зарим хэсэгт энэ хувилбар сургуулийн халдвар (спортын тэмцээн гэх мэт үйл ажиллагаа)-аар эхэлсэн байх магадлалтай байна.
12 хүртэлх насны хүүхдүүд яагаад хараахан вакцинд хамрагдах боломжгүй байна вэ?
АНУ-ын Хүнс, эмийн холбоо гэх мэт зохицуулагч агентлагууд хүүхдэд ямар нэгэн эмчилгээний зөвшөөөрөл олгохдоо илүү болгоомжтой ханддаг. Хүүхэд бол зүгээр л жижигхэн хүн биш юм. Тэдний тархины үйл ажиллагаа, гормон, физиолог бүгд ялгаатай. Тухайлбал, хүүхдийн элгэнд эмийн метаболизм насанд хүрэгчдийнхтэй адил замаар явагддаггүй ба насанд хүрэгчдэд аюулгүй эмчилгээ хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй. Дээр өгүүлсэн хүүхдийн дархлааны тогтолцооны ялгаатай байдал вакцины үр нөлөөнд мөн хамаатай асуудал юм. Вакцин ерөнхийдөө хүүхдэд аюулгүй, үр дүнтэй боловч халдвараас хэр удаан хамгаалж чадах вэ гэдэг асуудал байна. Энэ мэтчилэн хүүхэд, насанд хүрэгчдийн аливаа өвчин үүсгэгчид ялгаатай хариу үйлдэл үзүүлдгийг судлах маш их асуудал байгааг эрдэмтэд тэмдэглэжээ. Корона вирусын эсрэг вакцины хүүхдэд хийсэн судалгаагаар 12-15 насны хүүхдэд насанд хүрэгчтэй харьцуулахад мэссэнжэр РНХ-ийн (мРНХ) вакцинд бага зэрэг хүчтэй хариу урвал үзүүлж байгааг тогтоосон байна. АНУ-ын Хүнс,эмийн холбоо Файзер, Модерна компаниас 5-11 насны хүүхдэд илрэх вакцины гаж нөлөөг судалж өгөхийг хүсчээ. Энэ судалгаагаар 12-18 насны хүүхдэд гөж нөлөө харьцангуй бага гэж дүгнэсэн байна. Судлаачид ихэвчлэн мРНХ вакцинтай холбоотой гарч байгаа миокардит, зүрхний үрэвслийн процесст илүү анхаарал хандуулжээ. Израйлд 5 сая гаруй оролцогч хамруулсан судалгаагаар 148 тохиолдолд миокардит илэрсэн учир эрсдэл бага гэж үзсэн байна. Харин 16-19 насны оролцогчдод энэ эрсдэл хамгийн өндөр байсан байна. Гэсэн хэдий ч энэ бол судлахад хэцүү асуудал. Вакцины дараа миокардит тэр даруйд илрэхгүй байж болохын зэрэгцээ маш хөнгөн хэлбэрээр илэрч тэр бүр илрүүлэх боломжгүй байх талтай.
Мэдээлэл бэлтгэсэн: МСС ЭША М.Мандахнар
Хянасан: МСС эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Б.Чимэглхам
Эх сурвалж: https://www.medscape.com/viewarticle/958177#vp_2
Recent Comments