Эмийг төрөл бүрийн өвчин эмгэгийг анагаах зорилгоор хэрэглэдэг хэдий ч зарим тохиолдолд хүний биед сөрөг, гаж нөлөө үзүүлдэг. Жишээ нь үсний өнгө, хэвийн бүтцийг өөрчлөн хэврэг болгох, үсний уналтыг ихэсгэдэг гэх мэт. Эдгээр эмүүд үсний ургалтын хэвийн мөчлөгт өөрчлөлт оруулснаар үсний ургалтанд нөлөөлж, уналтыг ихэсгэдэг байна.
Эмийн шалтгаант үс уналтын үед дараах 2 хэлбэрийн үс уналт зонхилон тохиолддог.
- Телогений гаралтай үс уналт (Telogen effluvium): Идэвхтэй ургалтын үедээ буй анаген үсний мөчлөгт нөлөөлж телоген буюу идэвхгүй мөчлөгт шилжүүлснээр хэвийн хэмжээнээс ихээр үс унах. Өөрөөр хэлбэл өдөрт 100 –с дээш үс унах.
- Анаген мөчлөгийн үс уналт (Anagen effluvium): Хэвийн үед толгойн үсний ихэнх хувь идэвхтэй ургалтын мөчлөг болох анаген шатандаа байх ба энэ шатанд буй үс дараагийн мөчлөг болох катаген, телогенийг дамжиж (2-5 жил) өдөрт 60 хүртэл үс унаж байдаг. Тэгвэл зарим төрлийн эмүүд ургалтын шатандаа буй эдгээр үсэнд шууд нөлөө үзүүлж зөвхөн толгойн үснээс гадна хөмсөг, сормуус, суга, цавьны үсийг унах нөхцлийг бүрдүүлдэг. (Жишээ нь: Хавдрын химийн эмчилгээний эмүүд)
Хавдрын үеийн химийн тарианууд хүний биед буй хавдрын эсийг устгахаас гадна бусад эрүүл эсийг ч хордуулах, устгах нөлөө үзүүлж байдаг. Эмийг хэрэглэснээс хойшх 2 долоо хоногоос эхлэн үсний булцуу хэсэгт байрлах өөрөө хуваагдан олширч үс ургалтыг нөхцөлдүүлдэг матриксийн эсүүдийг шууд гэмтээх нөлөө үзүүлж цаашид үсний уналт улам даамжирдаг байна.
Үсний уналтанд нөлөөлж болох эмүүд:
Гепарин агуулсан цус шингэлэх эмүүд, цусны даралт бууруулах эмүүд: Пропаналол Каптоприл, холестрол бууруулагч эмүүд, зарим жирэмснээс хамгаалах эмүүд, витамин А-ийн өндөр тунт бэлмэлүүд- Ретинойдууд, хавдрын эсрэг эмүүд, цитостатикууд гэх мэт.
Дахин үс ургах уу?
Ихэнх тохиолдолд эмийг бодисыг хэрэглэхээ зогсооноос хойш үсний уналт зогсон үсний ургалт хэвийн болох боловч эмийн бодисын төрөл, хэрэглэсэн тун хэмжээ, хугацаа зэргээс хамаарч үсний уналтын явц, эргэн ургах хугацаа харилцан адилгүй байна. Эмийг хэрэглэхээ зогсоосноос хойш 6 сарын дараа үсний уналт үргэлжлэх, үсний ургалт идэвхжихгүй бол мэргэжлийн эмчид хандан үсний ургалтыг дэмжих эмийг хэрэглэх шаардлагатай .
Бэлтгэсэн: Эрдэм шинжилгээний төв лаборатори, Б.Мөнхцэцэг, АУХ
Хянасан: АУ-ны доктор С.Мөнхбаяр, секторын эрхлэгч,
Эрдэм шинжилгээний төв лаборатори, АУХ
Recent Comments