2021.05.31-ны байдлаар Израиль улсын 5.1 сая иргэн коронавируст халдварын (Ковид-19) эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд (21 хоногийн зайтай 2 тун) хамрагдсан байна. 2020 оны 12-р сарын 20-ноос 2021 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэлх тандалтын хугацаанд нийт 9,289,765 хүн эмнэлэгт хандсан ба 5,442,696 хүн вакцины анхны тун, 5,125,635 хүн 2 дахь буюу бүрэн тун хийлгэжээ. Израиль улсын Эрүүл мэндийн яам BNT162b2 mRNA (Pfizer-BioNTech) вакцины анхны тун хийлгэсний дараа 21 хоног, 2 дахь тун хийлгэсний дараа 30 хоногийн турш скрининг хийж илрэх шинж тэмдгүүдийг бүртгэсэн судалсан байна. Уг судалгаа нь “Олон улсын өвчний ангилал”-ын (ICD-9 codes 422.0-9x and 429.0x) миокардит оношийн кодоор бүртгэгдсэн, 16-аас дээш настай өвчтөний түүхийг ретроспектив аргаар судалжээ. Миокардит оношийг “Brighton Collaboration”-ы шалгуураар тодорхой, магадлалтай, сэжигтэй, үгүйсгэгдсэн гэж 4 ангилж үзсэн байна.

Эмнэлзүйн үзлэгээр миокардитын шинж илэрсэн нийт 304 өвчтөний 21 тохиолдолд бусад онош батлагдсан бөгөөд үлдсэн 283 тохиолдлын 142 нь  Ковид-19 халдварын эсрэг BNT162b2 вакцины дараа илэрсэн бөгөөд үүний 136 тохиолдолд миокардит онош батлагдсан. Анхны тун хийлгэснээс хойш 21 хоногийн дотор 19 хүн, хоёр дахь тун хийлгэснээс хойш 30 хоногийн дотор 117 хүн миокардитаар өвдсөн ба 16-19 насны 31 эрэгтэй, 2 эмэгтэй өвдсөн буюу залуу насны эрэгтэйчүүдэд миокардит түлхүү тохиолдсон байна.

Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд цээжний өвдөлт 129 (95%), халуурах 63 (46.7%), амьсгал давчдах 17 (12.5%), зүрх дэлсэх 6 (4.4%) зэрэг шинж тэмдгүүд илэрч байв. Шинжилгээнд  тропонин I, T ихсэх (100%), C урвалж уураг ихэхссэн (86.7%), ЭКГ-ын өөрчлөлт (69%) болон бага зэргийн лимфоцитопени илэрч байлаа. Ихэнх тохиолдолд 129/136 (94.8%) нь эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн явцтай,  7/136 (5.2%) нь дунд болон хүнд явцтай байсан бөгөөд ихэнх өвчтөнүүдэд цацалтын фракц (EF) хэвийн буюу бага зэрэг буурсан байсан.

 Хүснэгт 1. Ковид-19-н эсрэг BNT162b2 mRNA (Pfizer-BioNTech) вакцины дараа илэрсэн миокардитын үед илрэх шинж тэмдэг

            Ихэнх өвчтөнд (129/136) эмнэлзүйн байдал мэдэгдэхүйц сайжирсан бөгөөд эмнэлэгт хэвтсэн дундаж  хугацаа 3-4 хоног, өвчтөнүүдийн дийлэнх нь стероид бус үрэвслийн эсрэг эмийн (NSAIDS) эмчилгээ хийлгэсэн байлаа. Өвчний хүнд явцтай 7 өвчтөнд зүүн ховдолын үйл ажиллагааны алдагдал, ховдолын хэм алдагдал, зүрхний дутагдлын шинж тэмдгүүд илэрсэн байна.

            Израилийн үндэсний мэдээллийн сангаас авсан мэдээлэлд үндэслэн, BNT162b2 мРНХ вакцины хоёр тунгийн дараа миокардитын тохиолдол бага байсан ч вакцин хийлгээгүй хүмүүс болон  хяналтын бүлэгтэй харьцуулахад өвчлөл өндөр байсан байна. Ковид-19 халдварын эсрэг вакцины хоёр дахь тунгийн дараа зүрхний миокардитаар өвчлөх магадлал нэмэгдэж байгаа ба энэ нь залуу эрэгтэйчүүдэд илүүтэй тохиолдож байна. Гэвч эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд харьцангуй зөөлөн явцтай байна.

Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухаааны Хүрээлэн

Зүрх судасны мэс заслын сектор

Мэдээлэл бэлтгэсэн: ЭША, АУ-ны магистр Д.Долгион

Хянасан: Секторын эрхлэгч, АУ-ны доктор Б.Содгэрэл

Эх сурвалж:  https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMoa2109730